Uncategorized

Х.Ганхуяг: Зээл авсны төлөө бүгдийг нь хулгайч гэж цоллох нь байж боломгүй асуудал !!!

УИХ-ын чуулган завсарлачихсан энэ өдрүүдэд гишүүд тойрогтоо ажиллаж, зарим нь хуулийн төслөө хөгжүүлэх ажлуудыг хийцгээж байх шиг байна. Таны хувьд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Ээлжит чуулган бүрийн завсарлагааны хугацаанд итгэл хүлээлгэн сонгогдсон гишүүд нь иргэдтэйгээ ойр ажиллаж, тэднийхээ санаа бодол, хүсэлтийг сонсож, ярилцах чухал үе байдаг. Нэг ёсондоо иргэдтэйгээ илүү ойр байж, тойрогтоо ажиллах боломж гардаг. Миний хувьд ч ялгаагүй, ажлын өдрүүдэд тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж, төлөөлөгчийнхөө байранд ажиллаж байна. УИХ-ын гишүүн гэдэг бол хууль боловсруулж, түүнийг батлах үйл хэрэгт оролцохоос гадна сонгогдсон тойрогтоо ажиллаж, төрийн үйлчилгээ, хуулийн хэрэгжилт ямар байгаад хяналт тавьж, таниулах, мөн иргэдийнхээ аж амьдрал, амьдрах орчныг эрүүл аюулгүй болгох тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй.

Өнгөрөгч чуулганы хугацаанд би Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль зэрэг бизнесийн орчныг сайжруулах чиглэлд хэд хэдэн хуулийн төслийг санаачлан, ажлын хэсгийг ахлан ажиллаж, тэр дундаа Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Хуулийн концепци нь зах зээлд шударга өрсөлдөөн, бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэж байгаа. Энэ өөрөө процессын хууль. Тиймээс үйл ажиллагааны зөвшөөрөл авахын тулд хэрхэх вэ гэдгийг маш тодорхой зааж өгнө. Иргэн, аж ахуйн нэгж өргөдөл гаргачихна. Өргөдөл гаргаснаас хойш хэдий хугацаанд шийдвэр гаргах, шийдвэр гаргаагүй бол яах вэ гэдгийг хуульд заана.

Энэ нь нийтлэг зарчим болж тусаад бүх салбар дагаж мөрдөнө гэсэн үг. Өргөдөл гаргах, өргөдөл хүлээн авах, татгалзах, түдгэлзэх, цуцлах гэсэн бүх зарчмуудыг хугацаатай нь тодорхой оруулна. Мөн зөвшөөрөлтэй холбогдуулаад аль нэг төрийн байгууллагаас тодорхойлолт авчир гэдэг асуудал байхгүй болно. Мэдээллийн сангаасаа хараад шаардлагатай мэдээллээ хардаг болно. Тухайлбал, татвар, нийгмийн даатгалын өргүй гэсэн тодорхойлолтыг нэхэхгүй.

Ажлын 45 хоногт ямар ч төрлийн зөвшөөрлийг олгодог болно. Нэг үгээр хугацаа, хэнээс ямар зөвшөөрөл олгох нь маш тодорхой болно. Хатуу хугацаа байгаа болохоор иргэн, аж ахуйн нэгж ажлаа төлөвлөх боломжтой болно гэсэн үг. Цахимаар хүсэлтээ өгөөд ажлын тав хоногийн дотор материал хүлээж авсан байгууллага дутуу бичиг баримтыг нь хэлж өгнө. Үүнийгээ бүрдүүлээд өгчихөөр хугацаагаа хүлээгээд л байж байна гэсэн үг. Хариугаа ч цахимаар авах боломжтой болно.

Манай улс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд баталж байсан. Тухайн үед 210 орчим тусгай зөвшөөрөл олгохоор хуульд тусгасан байсан. Гэтэл үүнээс хойш энэ тусгай зөвшөөрлийг ийм байгууллага олгоно гэж нэмсээр байгаад 913 болчихсон байна. Тиймээс уг хуулиар зөвшөөрөл нэрийн дор төрийн үйлчилгээг хүнд суртал, авлига, хээл хахууль руу чирж байгаа нөхцөл байдлыг засч, зөвшөөрлийн тоог цөөлж, олголтын үйл ажиллагааг сайжруулах юм.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Эдгээр хуулиудыг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 465.000 ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарсан. Халдварт цар тахлын дэгдэлт улсын эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч 2022 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар энэ шийдвэрийг гаргалаа. Энэхүү арга хэмжээнд нийтдээ 637.0 тэрбум төгрөг зарцуулагдана.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button