Uncategorized

Улс төрд уугиж буй утаа ба Ерөнхий сайдад бяр орсон нь!

Дөрвөн сарын өмнө, “Улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр байхгүй” хэмээн сайд нараа өмгөөлж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэтийн шийдвэр гаргаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасантай хариуцлага тооцсон нь улс төрийн хувьд огцом нүүдэл байлаа. Утаа бол ердөө “шалтаг” байсан нь мэдээж. У.Хүрэлсүх засгаа огцруулахад “шаахай” сайхан шалтаг болсон шиг. Шалтгааныг нь олох гэж харин хэвлэлийнхэн болоод улс төрийн хүрээнийхэн бүгд “бодлого” зохиоцгоож эхлэв.

Үүрэгт ажилдаа түүртэж яваа сайдуудтайгаа хариуцлага тооцох бүрэн эрх Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон. Улс төрийн түүхэнд түүний эл шийдвэр анхны тохиолдол агаад “барьцаалагдсан” улс төрөөс гүйцэтгэх засаглалаа салгахын тулд 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ерөнхий сайд нь танхимаа томилох, чөлөөлөх, хариуцлага тооцох эрхтэй болсон юм. Монгол Улсын Засгийн дундаж наслалт 1.7 жил гэж тооцвол томоохон төсөл хөтөлбөр хэрэгжихэд тогтолцооны гажуудал нь хамгийн их саад болж байсан, засаглалын тогтвортой байдлыг хадгалахын тулд ҮХНӨ-өөр Ерөнхий сайдад супер эрх мэдэл олгосон юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын томилгоо болон сайд нарыг чөлөөлөх асуудалд УИХ оролцох боломжийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлаж өгсөн агаад Ерөнхий сайд томилгооны шийдвэрээ парламентад танилцуулах л үүрэгтэй.

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүх, У.Хүрэлсүхийг огцорсны дараа Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу өөрийнхөө багийг өөрөө бүрдүүлсэн гэхэд учир дутагдалтай. Ямар сайндаа л экс Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийн засгаас явсангүй гэж МАН-ынхан МАН-аа шүүмжилж байх билээ.

Ерөнхий сайдын өчигдрийн шийдвэр огцом уурандаа, сэтгэлийн гэнэтийн хөөрөлдөө автаж юм биш байх. Танхим доторх хэн нэгний бүлэглэлийг шахах, эрх мэдлийн тойргоос хасах гэсэн алсын зорилготой улс төрийн өрөгөө тэрбээр тоглож эхэлжээ. Нэг жилийн өмнө Х.Баттулгаас харилцаагаа таслахын тулд У.Хүрэлсүх уран гоё тонгордог шиг л. Огцом цохилт нүүрэндээ авсан Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаан дээр уйлах нь холгүй орж ирээд, мөрөөрөө явсан Сү.Батболдыг төрийн эргэлт хийх гэлээ гэж баахан балбаж байгаад гарсан билээ.

Үнэндээ “гэрээсээ гэнэт гараад” Н.Уртнасан сайд болчихоогүй нь нэн ойлгомжтой агаад У.Хүрэлсүхтэй зөвшилцөлгүйгээр түүнийг танхимаасаа хөөх боломжгүй. Хэдийгээр У.Хүрэлсүх МАН-аас явсан ч МАН түүнээс яваагүй байгаа шүү дээ. Тэр тусмаа улс төрийн хүрээнд Н.Уртнасанг Я.Содбаатарын, Д.Сарангэрэлийн, бүр Х.Баттулгын хүн гэх хардлага байдгийг тооцвол.

Хэдийгээр өнөөдөр улс төрийн өрөг дээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Баттулга нар их л эв нэгдэлтэй байгаа мэт боловч мөнхийн найз гэж үгүй, мөнхийн эрх ашиг бий гэвэл тэднийг эрх ашиг нь хэр хол, хэр удаан нэгтгэхийг хэлэхэд хэцүү. Үндсэндээ, наанаа төр засаг маш тогтвортой харагдавч цаанаа улс төрд хэдийнэ утаа суунаглаад эхэлжээ. Ерөнхий сайдын шийдвэр. Улаанбаатарын утаа улс төрийн утаа болж хувирсан гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа хийж, МАН-ын даргын батламжаа авсан нь Л.Оюун-Эрдэнийн хувьд “айдгаа авдрандаа хийснээ”, бяр, хүчтэй болсноо намынхандаа, харуулах, мэдрүүлэх гэсэн бас нэгэн зорилго байсан ч биз. Тиймээс, Н.Уртнасангийн араас явах удаах сайд хэн бэ гэсэн асуулт тавигдана. Н.Уртнасан Л.Оюун-Эрдэнийн хамгийн муу сайд байсан уу гэвэл бас эргэлзээтэй хариулт сонсох байх. Улаанбаатарын утаа олон жилийн, үе үеийн Ерөнхий сайд нарын шийдэл хайсан толгойны өвчин байсан. Угаар нь эмчлэхгүй бол дараа, дараагийн сайд, Засгийн газрын “аранга” хэвээр байх ч тодорхой.

Э.Уртнасангаар тогтохгүй, экспорт, импорт тэг зогссоноос эхлээд Замын-Үүдийн гацааг арилгаж, Дарханы замаа тавьж чадалгүй байнга л хэл амны бай болдог Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зэргээр Л.Оюун-Эрдэнийн танхимаас явах “болзлоо” хангачихсан сайд нар бий. Атал хамгийн түрүүнд Н.Уртнасанг “хөөсөн” нь хэн нэгэнд өгч буй Ерөнхий сайдын хатуу анхааруулга байж таарна. Гэхдээ мэдээж, танхимынхаа сайд нартайгаа ингээд ч болов хариуцлага тооцож буй Л.Оюун-Эрдэнийн засгийн нэр хүндэд хэрэгтэй. Ямархуу гал уснаас яаж эвтэйхэн, хуурай гарах нь улстөрчийн мэдрэмж хойно, бас буруутгах аргагүй.

Н.Уртнасанг танхимаасаа чөлөөлсөн нь хэний нүүрэнд хүнд нударга болж буусан бэ гэдгээс хаврын улс төр хамаарна. Товчхондоо, Ерөнхий сайдын нүүдэл намрын улс төрийн төгсгөл, хаврын улс төрийн эхлэл болж байна.

Хаврын улс төрийн эхлэл нь мэдээж давхар дээл. Намрын чуулган завсарлахаас өмнө МАН давхар дээлээ нөмрөх гэж адгаж, яарч АН-ын “бөлдөгтэй” хоёрыг ашигласанч Үндсэн хуулийн цэц олны хэл амаас айсан уу, яасан тодорхойгүй хугацаагаар уг асуудлыг хэлэлцэхээ түр хойшлуулсан юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн хэлснээр Үндсэн хуулийн манаач Үндсэн хуулийн хулгайч болох эсэхийг хаврын улс төр харуулна гэсэн үг.

Мэдээж, 2019 онд Үндсэн хуулийг Ардын намынхан шинэчилж, өөрчлөхдөө дутуудуулсан зүйл цөөнгүй. Саяхан болж өнгөрсөн Казахстаны тэмцэл, эсэргүүцлээс харахад Үндсэн хуулийн дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж өгөх нь дахиад Ардын намын нуруун дээр ирж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-д үнэмлэхүй олонх бүрдэх эсэх нь эргэлзээтэй, тэр тусмаа дэлхийн улс төрд өрнөж буй үйл явдлаас харахад Монгол Улс парламентын сонгодог засаглалаа улам бэхжүүлэх ёстой болж байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөхдөө зөвхөн давхар дээл нөмрөх биш Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох шаардлага тулгарч байна гэсэн үг. Ямартай ч Ерөнхий сайд жадаа сугалсан нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны үр дүн. Үгүй байсан бол үнэмлэхүй олонх аль хэдийнэ сандал суудлаар нь барьцаалж, хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болгочихсон байгаа.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button