Uncategorized

Б.Пүрэвдорж: Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнийн өсөлт тэдэнд хүнд цохилт болж байна. Улсад 30-40 жил өндөр хувиар нийгмийн даатгал төлчхөөд, маш бага хэмжээний тэтгэвэр авч байна. Миний бие тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү хууль батлагдсанаар тэтгэвэр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ.

Нийтдээ 140 мянга орчим иргэнд 16 тэрбум төгрөг зарцуулна. Богд Зонхова бурхны цогцолборын тал мөнгө шүү дээ. МАН түүхэндээ ихэвчлэн таван жилээр ажлаа төлөвлөдөг. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихдог. 2018 оноос хойш өргөн хэрэглээний барааны үнэ 52 хувиар өссөн.

Цалин өндөр авдаг хүмүүст 1200 төгрөгөөр зарагддаг талх 1500 болох асуудал биш. Үнийн өсөлт орлого багатай, тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хүнд дарамт болж байна. Засгийн газар Цагаан сараас өмнө ахмадуудын тэтгэврийг нэмэх тухай чиглэл өгсөн. Засгийн газар санаачлага гаргасанд талархаж байна. Гэхдээ тэтгэврийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцсэнгүй. Энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэхгүй бол ахмадуудтай хамтран тэмцэнэ.

Хоёрдугаарт, миний бие болон А.Адъяасүрэн, Ц.Туваан нар Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах “Тэтгэврийн доод индексжүүлэх хууль”-ийн төслийг өнөөдөр өргөн барьсан. Засгийн газар, Монголбанк хариуцлаггүй ажиллаж инфляци өсгөх юм бол тэтгэвэр нэмэгдүүлнэ” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийгмийн бодлогын байнгын хороо болон Засгийн газрын холбогдох агентлагууд тэтгэвэр нэмэх талаар судалгаа хийж байна. Та үүн дээр попрох шаардлагагүй” гэлээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button