Uncategorized

“Зарим Элчин сайдын яаманд гадаад хэлтэй хүн байдаггүй”

УИХ-ын намрын ээлжит чуулганы хаалтын хуралдаанаар өнөөдөр /2022.01.18/ гурван Элчин сайдыг томилов. Шинээр томилогдсон гурван Элчин сайдын хоёр нь Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан туршлагатай бол нэг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан юм. Тодруулбал, БНСУ-д суух Элчин сайдад Э.Сарантогос, Кувейт Улсад Элчин сайдаар П.Сэргэлэн, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Д.Гэрэлмаа нарыг томилж, гишүүдийн олонх дэмжив.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Нэр дэвшигч Э.Сарантогос, Д.Гэрэлмаа нарт хэлэх үг алга. Мэргэжилтнээс газрын дарга хүртэл 20 гаруй жил ажилласан хүмүүстэй юу ярих вэ. Шатлан дэвших зарчмаараа явж байна. Хариуцсан ажлынхаа хүрээнд томилгоо хийж байна. Нэр дэвшигч П.Сэргэлэн хөдөө аж ахуй, эдийн засгийн чиглэлээр явсан учраас нүдээ олсон зөв томилгоо байна. Нэр шигээ сэргэлэн яваарай гэж хэлье.
Гадаад харилцааны сайдаас асууя. Дотоод хяналт шалгалт хэрхэн хийдэг вэ. Гадаадын орнуудад гомдол гаргах журмыг цахимд ил байршуулсан байдаг. Манай төрийн байгууллагууд иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх аргаа өөрчилмөөр байна. Хүний эрх, авлигатай тэмцэх асуудлыг их ярьж байна. Элчин сайдын яамны дор ажилладаг хүмүүс буюу улстөрчдийн шахааны хүмүүсийг иргэд шүүмжилдэг. Гадаад харилцааны яамны үе дамжсан хүмүүсийн лоббигоор орсон олон төрлийн эрээвэр хураавар гадаад хэлтэй, хэлгүй хүмүүс цуглачихсан. Зарим Элчин сайдын яаманд гадаад хэлтэй хүн байхгүй. Иргэд өргөдөл, гомдлоо цахимд бичихэд тэрийг нь Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам хардаг болмоор байна. Өмнөх парламент иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэдэг өргөдлийн байнгын хороотой байсан. Татан буулгасан” гэсэн юм.

Түүний асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариулахдаа “Гадаад харилцааны яам 47 дипломат төлөөлөгчийн газартай. Үүнээс 32 нь Элчин сайдын яам байдаг. Энэ жилийн хувьд 92 тэрбум төгрөгийн зардал гаргана. Өнгөрсөн жил 83 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Жилийн дунджаар тооцоод үзэхэд жилд гаргасан зардлаасаа дор хаяж тав дахин илүү зээл тусламж олж ирдэг.

Дипломатууд ажилтнуудын хувьд дэлхийн дунджаас дор хаяж 40 хувиар бага цалинтай ажилладаг. Ажил үүргийн хувьд маш цөөхөн бүрэлдэхүүнээр багагүй ажил амжуулдаг. Өнгөрсөн жил вакцин, ховор эмийн татан авалт дээр 26 сая ам.доллар улсын төсвөөс хэмнэсэн. Элчин сайд нарын мэдлэг харилцан адилгүй, улс төрийн олон томилгоо хийснийг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жилээс эхлэн шинээр томилогдсон Элчин сайд нарын шалгуурыг өндөрсгөж, нэг бүрчлэн гэрээ хийсэн. Улс орондоо ямар зээл тусламж татах, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн. Элчин сайд нарын ажлыг дүгнэх боломж нээгдсэн” гэв.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button