Uncategorized

Эх орондоо ирсэн ч хүүхдүүдээ үнсэж чадаагүй аав буюу гадаадад гацсан монголчуудын бодит түүх

Ходоодны хорт хавдартай нөхрөө БНСУ-д жил дөрвөн сарын хугацаанд эмчлүүлсэн ч эцэстээ эмчилгээгүй боллоо гэх гашуун үг сонссон Т.Даваасүрэн хүүхдүүдээ аавтай нь уулзуулах итгэл тээн нөхрийн хамт нутаг буцахаар шийджээ

Гэвч харья гээд харьж чадсангүй. Цар тахал гарч Монгол Улс хилээ хаасан байлаа. Гуравхан цагт нисээд очих эх оронтой хэрнээ 45 хоног хүлээжээ. УОК, МИАТ зэрэг байгууллагуудад удаа дараа хандсаны эцэст долоодугаар сарын 3-ны нислэгт хамрагдахаар болов

Бүгд л туслахыг хүссэн ч ковидын журам зөрчсөн гэх хариуцлагад унахаас эмээцгээж байв

Гэтэл нутагтаа очоод дахиад 21 хоногийн тусгаарлалтад орох ёстой. Нөхөр нь тэр урт хугацааг тэсэж гарахааргүй байв. Тиймээс хүүхдүүдээ аавд нь ганц ч удаа болов үнэрлүүлэхийг хүсжээ.

Т.Даваасүрэн эмч, сувилагч, дээд доод шатны бүх л хүнд учир байдлаа хэлж, гуйсан байна. Бүгд л туслахыг хүссэн ч ковидын журам зөрчсөн гэх хариуцлагад унахаас эмээцгээж байв

Эмнэлэгт хүнд байсан аавтайгаа хүүхдүүд нь цонхоор “уулзах” завшаан тохиов. Хүүхдүүдтэйгээ уулзахын тулд аав нь эмнэлгийн коридорын цонхоор харлаа. Аавтайгаа уулзахын хүслэн болсон хүүхдүүд нь барааг нь харахын тулд эмнэлгийн ард очиж, контейнер дээр гарч зогсон, утасныхаа камераар аавынхаа дүрсийг татан харж, утсаар ярьж элгээ дэвтээжээ. Дэвтээх ч гэж… Бие биедээ хүрч, тэвэрч, үнсэж чадахгүй байна гэдэг амьдын там

Тусгаарлалтын 11 дэх хоног дээр Т.Даваасүрэн нөхрөө алджээ. “Үлдсэн 10 хоногт нь би галзуу хүн шиг л байсан. Бараг цонхоор үсэрчихмээр л санагдаж байлаа” хэмээн нулимс дуслуулан ярьсан юм.

БНСУ-д 45 хоног гацсан Т.Даваасүрэн

Т.Даваасүрэн:

“Бидний гурван удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Нөхөр маань найдваргүй болсон байсан учраас биднийг тусгаарлалтаас гаргаад өгөөч гээд бүх шатны албан тушаалтнуудаас гуйсан. “Хэн хариуцлага хүлээх юм бэ?” гэдэг л юм билээ” гэв

Энэ бол нэг гэр бүлд тохиолдсон бодит түүх. Цар тахлын үед 23 мянга гаруй хүн эх орондоо иржээ. Харийн нутагт багадаа 100 хоног, цаашилбал хагас жил гацсан олон иргэн бий. Эрх нь зөрчигдөж, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засгаараа хохирсон тэдний бодит түүхээр “Эх орондоо л очих сон” баримтат киног бүтээжээ 

Гадаадад гацсан монголчуудын байгуулсан “Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын санаачилгаар Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал болон түүний хүү, найруулагч З.Батбилэг нарын “Zoljargal and son” продакшн энэхүү киног хийсэн байна.Тус киног өчигдөр “Гэгээнтэн” кинотеатрт нээсэн юм. Гэхдээ олон улсын кино наадмуудад бүтээлээ илгээхээр зорьж байгаа учраас Монголдоо үзэгчдийн хүртээл болгох хараахан болоогүй гэж уран бүтээлчид нь тайлбарлав.Уг бүтээлийн санаачлагч Г.Эрдэнэзул өөрөө гадаадад гацахын зовлонг биеэр туулсан нэгэн бөгөөд цаашид төрийн аливаа шийдвэр нь хүний эрхийг дээдэлсэн, хуульд нийцсэн байж, иргэд нь эрхээ мэддэг, түүнийгээ хангуулахын төлөө шүгэлддэг байгаасай гэсэндээ кино болгон түүхэд үлдээхийг хүссэн гэв

Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул

“Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбат Солонгос улсад 240 хоног буюу найман сар гацжээ. Тэрээр “Хүн гэрийнхээ гадаа ирчхээд түлхүүрээ мартчихсан байвал орох байх газраа олдоггүй шүү дээ. Яг л тэрэнтэй адил гэртээ харьж чадахгүй байх мэдрэмж маш хэцүү байсан” гэлээ

Мөн Б.Баярчимэг жилийн дотор хайртай эцэг эхээ дараалан алдаж, тэднийхээ сүүлийн мөчид нь хамт байж чадаагүйдээ харамсан сууна. Бас нэгэн эмэгтэй “Эх орондоо очиж чадахгүй зургаан сар гадаадад гацсан миний хувьд 21 хоногийн тусгаарлалт муухайгаар яривал залхаан цээрлүүлэлт байсан. Хаана ч байхгүй 21 хоног, хүний эрхийг ноцтой зөрчсөн.” гэв.Солонгос дахь Элчин сайдын яамны гадаа хонож байсан монголчууд, ази царайнаасаа болж АНУ, Европт ялгаварлан гадуурхагдаж байсан иргэд, Энэтхэгт гацсан ламхай нар, Туркээс ирэх онгоцонд ихэр хүүхдийг эх барьж авсан таван эмч, Нигерит байхад нь хил хааснаас болж хаашаа ч явж чадахааргүй болж, 158 хоног ганцаараа гацсан Т.Оюунномин гээд олон хүн чухам юу туулж өнгөрүүлснийг, эрх нь хэрхэн зөрчигдөж байсныг, төрсөн нутаг нь хэчнээн хол санагдаж байсныг дурсан ярьжээ

“Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул: 

Гадаадад гацсан монголчууд, тэдэнд тусалж байсан элэг нэгтнүүд гээд 30 гаруй хүн энэ кинонд оролцсон. Эх орондоо ирэх, амьд явах, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг Үндсэн хуульд байдаг эрхүүд нь зөрчигдөж байсан. Анхны  35 хоногийн тусгаарлалт байгаагүй бол тэд хайртай хүмүүстэйгээ уулзах байсан болов уу, хагацал үзэхгүй байсан болов уу гэх асуултууд төрж байна” гэлээ

Кино зохиолыг бичсэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал: 

ХҮН ЭХ ОРНЫ ҮНЭТ ЭРДЭНЭ НЬ БАЙЖ, ЭХ ОРОН НЬ ИРГЭНЭЭРЭЭ БАХАРХАХ ЁСТОЙ

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал

Хүний эрх гэдэг нь ганцхан гадаадад гараад тэнд гацчихаараа зөрчигдөөд байна уу, эсвэл хаа газар зөрчигдөөд байна уу?Хүнд өөрийн эрхгүй бодогдож эхэлнэ. Тийм учраас энэ киног сайн хийх ёстой юм байна гэж бодогдсон.Бид хэн болчхоод байна вэ? Бид өдөр болгон мэдээ сонсож байна. Маргааш шинэ мэдээгээр солигдох учраас өнөөдөр болсон үйл явдлыг мартчихдаг. Баримтат кино зарим нэг үйл явдлыг зогсоогоод тунгааж бодох боломж олгоно. Энэ кинонд засгийн газар муу байсан, төр нь муу байсан гэсэн агуулга харагдахгүй. Хэн байлаа ч гэсэн ийм нөхцөл байдал тулгараад ирэхэд бид ямар сэтгэлээр яаж хандах вэ гэдгийг бодох хэрэгтэй.Гадаадад гацсан л биз дээ, тэгээд ирсэн л биз дээ гэж хэлэх байх. Хүн болгон өөр өөр зовлон туулж ирснийг сонсоход бас л өөр юм сонсогдож байгаа юм

Хүн эх орны үнэт эрдэнэ байх ёстой, эх орон нь иргэнээрээ бахархах ёстой. Гадаадад гацсан л биз дээ, тэгээд ирсэн л биз дээ гэж хэлэх байх. Хүн болгон өөр өөр зовлон туулж ирснийг сонсоход бас л өөр юм сонсогдож байгаа юм

Хүн гэдэг бүхэл бүтэн ертөнц. Ямар гээчийн сүүдэр тусав. Нар нь хаашаа алга болов. Хүн гэдэг эх орон, үр хүүхэд, ээж аавдаа хэрэгтэй. Хүн гэдэг эрдэнийг бид ярих ёстой

Монгол хүн хоосон ч байсан, юмтай ч байсан эх орноороо бахархах ёстой. Эх орон нь хүнээрээ бахархах ёстой. Ганцхан  энэ хүмүүсийн асуудал биш. Хүн бүрийн өөрийнх нь эдлэх ёстой эрх, мөрөөдөл зөрчигдөж байна. Бидэнд үүнийг мэдэх ухаарах боловсрол мэдлэг хэрэгтэй.  Бид хэдийгээр хазгай мурий гишгэж байгаа ч эхнээсээ сууж бодох хэрэгтэй.” гэлээ

Гадаад дахь элэг нэгтнүүдээ монголчууд “Эх орноо голж явсан”, “дурандаа зугаалсан”, “вирус тээсэн гайнууд” гэхчлэн нүд үзүүрлэж, тэднийг ямар зовлон бэрхшээлийн дундуур сөрж явсныг бодохыг ч хүссэнгүй. “Хамгийн сайн боловсрол бол бусдыгаа хайрлах юм билээ” гэж нэгэн бүсгүй энэ кинонд хэлжээ. Тийм ээ, энэ кино бол бидэнд өөрсөд рүүгээ өнгийх толь байлаа. Бидэнд хүн хайрлах сэтгэл байна уу? Утас, компьютерийнхаа араас зоргоороо урсгасан тэр үгс бусдын сэтгэлийг эмзэглүүлж байдгийг бодож үзсэн болов уу? Бид харах өнцгөө өөрчилж, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй юм байна.Нялх үрээ тэврээд гудамжинд суух эмэгтэй, “Үр хүүхдэдээ очмоор байна” гэсэн бичиг барин зогсох хүн, ЭСЯ-ны гадна хоноглох жирэмсэн эх, хүүхэд гээд өр өвдөм дүр зургууд.Киног үзэж байх үедээ хүмүүс нулимсаа барьж дийлсэнгүй. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нутагт гацсан хүмүүсийн дуу хоолойг хүргэж байсан ч тэдний цаана юу тохиолдож байсныг өнгөцхөн л бодож явснаа ярьж байлаа. Киноны туршид сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй олон хүн бий. Кино уран бүтээлчид хэн нэгнийг өрөвдүүлэх гэж энэ бүтээлийг хийсэнгүй. Хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Зөвхөн бодит түүх л харуулахыг зорьжээ.Хэдийгээр энэ бүхэн өнөөдөр ард хоцорсон мэт боловч цаашид хэн нэгний гаргаж буй шийдвэр хүний эрхийг дээдэлсэн байгаасай

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button