Uncategorized

Adele 30: Гунигт дуунд дурлах сэтгэл зүйн шалтгаан

Аделийн дуунууд бидэнд ганцаараа шаналаагүй гэдгийг сануулж, өнгөрсөн ба одоо цагтай холбож байдаг.

Дуучин Аделийн “30” шинэ цомог олны хүртээл боллоо. Цомгийн эхний дуу “Easy on me” нэг сарын дотор 169 сая хандалт авсан нь хүний үгээр илэрхийлж чаддаггүй мэдрэмжийг урлагт шингээсэнтэй холбоотой ч байж болно.

Хүн яагаад гунигтай дуунд дурладаг вэ? Уг нь гуниг зовлон гэдэг хүний зугтаахыг хүсдэг мэдрэмж биш гэж үү? Гэтэл гунигтай дуу хөгжим хүний сэтгэлийн утсыг хөндөхийн зэрэгцээ сэтгэл санааг сэргээдэг байна. Үүнд шинжлэх ухаанч тайлбар бий.Бид хэн нэгнээ алдах, зовлон тохиосон нэгнийхээ төлөө шаналах үед окситоцин дааврууд биед ялгардаг. Энэ дааврууд биднийг тайвшруулдаг. Аделийн дуунаас хэн нэгний гуниг зовлонг олж сонсохдоо бид өөрсдийнхөө шаналлын тухай боддог. Сэтгэл хөдөлсөн үед биеэр цахилгаан гүйх шиг болж, олон төрлийн сэтгэл хөдлөл таны биеэр урсаж, цээж халуу дүүгж, сэтгэл цэлмэх шиг болно.

Америкийн зохиолч Жеймс Болдуин (1924-1987) “Намайг зовоосон тэр явдал бусад хүнд ч тохиолдсон байдаг. Ер нь амьдарч байсан бүх л хүнд ижил зовлон бий” гэжээ. Яг үүнтэй ижлээр бид хөгжим сонсоод “Бидний амьдрал яг адилхан” болохыг ойлгомогц сэтгэл хөдөлдөг байна. Гунигтай хөгжим сонсоод уярдаг хүмүүст бусдыг өрөвдөх, энэрэх сэтгэл хамгийн өндөр байдаг нь үүнтэй холбоотой. Тухайн уран бүтээлийн талаар хэн юу гэж бодож байгааг сэтгэгдэл хэсгээс уншихдаа надтай адилхан хүн олон байдгийг ойлгож, хүмүүсийн ямар нэгэн бүлэгт хамаарч байгаагаа мэдэрч, тайвширдаг. Мөн ийм дуу хөгжим сонсохдоо та бид амьдралынхаа чухал мөчүүдийг эргэн санадаг.

Ер нь бид Аделийн дуу хөгжмийн гуниг нэвт шингэсэн чанар нь биш харин хуучны дурсамжийг буцааж авчирдагт нь л татагддаг байж ч болно. Бүр тодруулбал, гунигтай дууг мэдэрч сонссон хүмүүсийн л гунигладаг. Харин бусдад нь хуучны дурсамж сэдэрдэг байна. Ингэснээр нийгэмд бусад хүмүүстэй холбоотой болохоо ойлгож, амьдрал утгагүй гэсэн бодол хөнгөрч, Аделийн дуунууд гунигтайн хэрээр үзэсгэлэнтэй. Хүний амьдралын гуниг, харууслыг гаргаж ирээд түүнд утга учир өгдөг эмгэнэлт урлагийн нэг төрөл мэт. Эцэст нь Аделийн дуунууд бидэнд ганцаараа шаналаагүй гэдгийг сануулж, өнгөрсөн ба одоо цагтай холбож байдаг гэнэ.

Төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн даван туулах вэ?

Нойр дутуу байх нь дангаараа сэтгэл зүйн эмгэгт өртөх хангалттай шалтгаан мөн. Гэтэл эмэгтэй хүн амаржсаны дараа шөнө тухтай унтаж чадахгүйгээс гадна төрөх үеийн өвдөлтийн шок, бодисын солилцоо, бие махбодын өөрчлөлт зэрэг өөр олон шалтгаан давхцан сэтгэл санаа гүн хямарч, зан байдал өөрчлөгддөг. Энэ үеийг хэрхэн туулах талаар ээж нарын туршлага, мэргэжилтний зөвлөгөөг хослуулан хүргэж байна.

Төрсний дараа ээжүүдийн сэтгэл санаа, зан чанарт үнэхээр өөрчлөлт ордог уу?

Хоорондоо ойрхон төрсөн ээж нартай ярилцаж суухдаа энэ асуултыг тэднээс асуулаа. Найзуудынхаа хариултаас түрүүлээд өөрийнхөө тухай бодож үзэв. Өмнө нь огт байгаагүй зан чанар, үйлдэл, мэдрэмжийг хүүхэд төрүүлсний дараа өөрөөсөө олж харсан уу гэвэл тийм. Би чинь “комьпютерын хард шиг ой санамжтай” гэж магтуулдаг хүн. Барьсан тавьсан, хэлсэн ярьснаа яг таг санана. Гэтэл бага охиноо төрүүлээд удаагүй байхдаа хоол хийж дуусаад плиткээ унтраахаа гурвантаа мартсан удаатай. Бас өмнө нь зүгээр л өнгөрөөчихдөг байсан зүйлсийг тэвчихэд төвөгтэй санагдаж, “ер нь яахаараа” гэж ирээд зарга хийх маягтай болсон байснаа гэнэт анзаарсан юм. Энэ талаар ойролцоо төрж, адилхан гэртээ суугаа ээж найзууддаа ярьж байхдаа тэднээс өөрчлөлт мэдэрсэн эсэхийг асуухад ийм хариултууд ирсэн юм.

– Би их гомдомтгой болчихсон байсан. Яг хүүхэд шиг л намайг ингэлээ, тэглээ гээд юм бүхнийг хүндээр тусгаж авдаг. Түүнээсээ үүдээд өөрийгөө болон нөхрийгөө буруутгасан харилцааг бий болгосон.

– Надад бол хүүхдээсээ төвөгшөөсөн мэдрэмж их байсан. Хүүхдээ хөхүүлэх, шөнө сэрэх нь үнэхээр хэцүү, хүүхэд уйлах хүртэл төвөгтэй санагдаж эхэлсэн. Ойрхон 2 төрсөн болохоор хоёр жаахан хүүхэд зэрэг зэрэг анхаарал халамж хүсээд ирэхээр надад өөрт маань нэг тийм дарамттай хэцүү байдаг байсан.

– Бага хүү маань өвөл төрсөн юм. Гадаа эрт харанхуй болно. Бүрэнхий болоод ирэхээр нь сэтгэл түгшээд, тавгүй болчихдог. Яг юунаас айж эмээгээд, эсвэл юунд санаа зовоод байгаа нь тодорхойгүй. Бодохоор тэгж айж, түгших зүйлгүй мөртөө орой болохоор л сэтгэл түгшчихнэ. Өглөө болохоор зүгээр болчихдог. Энэ мэдрэмж бараг 4 сар гаран үргэлжилсэн.Хүн бүр харилцан адилгүй өөр байх хэдий ч төрсний дараа ээж нарын сэтгэл санаа, зан чанар яах аргагүй өөрчлөгддөг аж. Мэдээж энэ үед эргэн тойрны хүмүүс нь ойлгон хүлээж авч, халамжлах хэрэгтэй.

Гэхдээ төрсөн ээжүүд өөрсдөө юуг мэдэж байвал энэ үеийг хурдан, сайн давж чадах бол?

Энэ асуултын хариуг мэргэжлийн хүнээс хайх нь зөв гэж үзэн гэр бүл судлаач Э. Цолмонтой холбогдон лавласан юм.Ээжүүд маань би ганцаараа л ийм мэдрэмж аваад байна гэж боддог нь буруу. Би муу ээж юм байна, хангалттай сайн байж чадахгүй юм байна гэсэн бодлуудтай яваад байдаг. Гэтэл үнэндээ бол тийм биш. Ер нь төрсний дараах сэтгэл гутрал бол хөнгөн зүйл биш, хүнд хэлбэрийн сэтгэл зүйн хямрал. Олон хоног нойр дутуу, дээр нь нэмээд хүүхдээ хөхөөр хооллох үед өөрөө хүнс тэжээлийн дутагдалд орно. Амьдралын өдөр тутмын хэмнэл бүхэлдээ өөрчлөгдөөд ирэхээр тухгүй болох зэрэг маш олон шалтгаанаас бий болж буй стресс юм.Тиймээс хамгийн түрүүнд хүүхэд төрүүлсний дараа сэтгэл гутрал бий болдог гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр үеийг одоо туулж байгаа юм байна гэдгээ хүн өөрөө мэдэж байвал харьцангуй тайван байж чадна.Бас нээлттэй байх хэрэгтэй. Төрсний дараах стресс хэдэн ч сар үргэлжлэх боломжтой. Тиймээс дотроо хадгалаад байж болохгүй. Итгэдэг хүндээ өөрийгөө нээж, сэтгэл санаагаа хуваалцан, ярих хэрэгтэй. Ярих үедээ хүн өөрийгөө ойлгодог.

Дараагийн шат. Ахиад л хямрал:

Хүүхдээ асарч гэртээ суухаар нийгмээс тусгаарлагдаж, үеийнхнээсээ хоцорч буй мэт мэдрэмж авна.

Хүүхдийнхээ учрыг төвөггүй олоод эхлэхээрээ ээж нар дараагийн шатны хямрал руу өөрийн эрхгүй ордог юм шиг. Уйлахаар нь ингэж, унтахаар нь тэгэх юм байна гэдэг учраа олчихоор “одоо ер нь цаашдаа яах билээ, ингээд л хүүхэдтэйгээ зууралдсаар өдрийг барах хэрэг үү?” гэдэг бодол ахиад л тухгүй болгож эхэлнэ. Нэг хэсэгтээ гэртээ уягдана гэдгээ ойлгоод байгаа ч хүний дотор угаас байдаг нийгэмших хэрэгцээнээс үүдэн бас л хямрах аж. Яг энэ үед өөрийнхөө сэтгэл санааг дээрдүүлдэг ямар нэг зүйл олох хэрэгтэй юм билээ.Гэртээ хүүхдээ асарч байх хугацаандаа хоббигоо олж, түүнийгээ бизнес болгон өргөжүүлсэн түүхүүд олон бий. Заавал мөнгө олох шаардлагагүй ч хобби бол энэ үед зайлшгүй байх ёстой эд санагдсан.Миний хувьд бага охиноо төрүүлээд сарын дараагаас блог маягийн бичвэрүүд бичиж эхэлсэн юм. Хэдэн хүн унших нь тийм ч чухал биш, хамгийн гол нь бичээд дуусгахаараа “том“ ажил амжуулчихсан мэт хэдэн өдөртөө л сэтгэл дүүрэн байх нь надад хэрэгтэй байлаа. Нэг хэсэг бас шинэ хоол туршиж үзээд, түүнээсээ урам авч, хэдэн сар аз жаргалтай амьдарсан. Тэр хугацаанд гарын хоолныхоо нэр төрлийг нэлээд арвижуулж чадсан шүү. Түүний дараа фотошопоор зураг эвлүүлэх дуртай болж, түүнээсээ улбаалаад жааз чимэглэх ажил өөртөө бий болгов. Энэ мэтээр “Би хоббигоо олсон” гээд нэг л зүйлд баригдахгүй, олон зүйл туршиж үзэн, өөрийгөө таньж мэдэх сайн цагуудыг өнгөрүүлж байгаа учраас үеийнхнээсээ хоцорч, нийгмээс тусгаарлагдах мэт ганцаардлыг би хувьдаа мэдрээгүй.Ойролцоо төрцгөөсөн ээж найзууд минь бүгд “стресстэй байх үедээ өөрийгөө тайвшруулах зүйлдээ цаг гаргах хэрэгтэй” гэдэгтээ санал нэгдлээ. Тэдний зарим нь англи хэлээ сайжруулах, гитар тоглож сурах зорилго өөртөө тавьсан бол өөр нэг эмэгтэй сардаа нэг удаа заавал гадагшаа гарч (дэлгүүр хэсэх, кофе шоп орох эсвэл хумсаа будуулах зэргээр) өөрийгөө амраадаг гэдгээ хэлсэн юм.

Бүтэн цагаар гэртээ байхаас үүдэн стрессдэх үед юу хийвэл дээрдэх тухай гэр бүл судлаач Э. Цолмонгийн зөвлөгөөг уламжилъя.Хамгийн түрүүнд нойроо сайн авах хэрэгтэй. Боломж гарвал унтаж амар. Гэр орон эмх цэгцгүй байх нь тийм ч чухал биш. Хангалттай нойр аваад эхлэхээр хүний бие цаанаасаа өөрөөр ажиллаж эхэлнэ. Стресс буурч, эрч хүч нэмэгдэнэ.Хүүхдээ салхилуулахдаа өөрөө авч гар. Ээж нар ихэвчлэн өөр хүнд хүүхдээ өгч гаргаад, өөрөө бусад ажлаа амжуулахыг хүсдэг. Гэтэл нар, салхи, байгалийг мэдрэх нь сэтгэл санаанд тун хэрэгтэй зүйл. Мөн бусад ээж нартай харилцаж “нийгэмших” хэрэгцээ ч давхар нөхөгдөж байдаг учраас бүх ажлаа хойшлуулаад, хүүхэдтэйгээ цуг агаарлаарай.Хүн стрессдээд ирэхээр “нийгэмших” хэрэгцээ хүнд бий болдог. Хэн нэгэнтэй уулзаж, бусадтай харилцах шаардлагатай гэсэн үг. Хэрвээ ээж нар гэрээсээ гарах боломжгүй байгаа бол хүмүүсийг гэртээ дуудаж болно. Өөрөө хүсвэл төрсний дараах хүмүүсийн эргэлтийг нэг дор бөөнөөр биш, сар болгон 1-2 зочин хүлээн авч уулзахаар зохицуулан олон сарын турш эргэлт авч болно.Өөрийн дуртай зүйлээ хийх цаг гаргах нь мэдээж маш үр дүнтэй.

Ээж хүний бүх зүйл нь хүүхэд биш.Энэ үгийг олон хүнд хэлмээр санагддаг. Хэдийгээр хүүхдээ харах нь нэн тэргүүний хийх үүрэг хэдий ч бид чинь зөвхөн ээж биш. Хэний хүүхэд байсан тэр хэвээрээ байна, хэн гэж дууддаг байсан тэр хэвээрээ л байгаа. Ээж болсноор үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа болохоос хувь ертөнц минь алга болоогүй. Тиймээс зөвхөн ээж байх хангалттай биш, хүүхдээ харж байгаа энэ хугацаандаа би хувь хүнийхээ хувьд орлогын эх үүсвэрээ нэмэх, санхүүгийн хоёрдогч, гуравдагч эх үүсвэртэй болох зорилго өөртөө тавьсан. Зорилгоо биелүүлэх гэж эрэл хайгуул хийж, олон зүйл туршиж үзсэн адал явдалтай өдрүүдийг өнгөрүүллээ.Яг энэ бодлыг минь гэр бүл судлаач Э. Цолмон сайшааж, талархсаныг бас онцолмоор байна. Тэр “Хүнтэй үерхэж эхэлсэн цагаасаа эхлээд тэр хүний өмч болсон мэт аашилдаг хүмүүс олон байдаг. Хүн хэн нэгний эхнэр/нөхөр болсон ч бай, ээж/аав болсон ч бай, өөрөө бас хувь хүн гэдгээ мартаж болохгүй. Хамт амьдардаг хүмүүс нь ч гэсэн нэгэндээ хувь хүний орон зайг гаргаж өгөх хэрэгтэй. Хүнд өөрийн гэсэн хүсэл зорилго, тэмүүлэл, өөртөө гаргах цаг зав гаргах хэрэгтэй гэдгийг хүлээж авах хэрэгтэй. Тиймээс өөрийнхөө хүсдэг тэмүүлдэг зүйлүүдээ “ээж болсон учраас” гэдэг шалтгаанаар хойш тавихгүйгээр хийсээр байгаарай” гэж уриалсан юм.

Төрсний дараах сэтгэл гутралын үеийг зөвхөн ээж даван туулах ёстой биш, хамт байгаа хүмүүсийн тусламж дэмжлэгээр амжилттай ард нь гарна.

Хэрэв нөхрүүд үүнийг уншиж байгаа бол таны эхнэр чинь бүхэл бүтэн хүнийг 10 сар гэдсэндээ тээж, төрүүлээд гарч ирж байна. Тиймээс нэг хоёрхон сарын дотор буцаад үерхэж байсан шигээ хэвийн болж чадахгүй. Магадгүй хэзээ ч урьдын хивэндээ ахин орохгүй ч байж мэднэ. Тиймээс тоглоомоор бол нэг төвшин (level) ахиж байгаа гэдгийг ойлгоод одоо байгаа чигээр нь хүлээж аваарай. Гэр орон муухай байх нь хамаагүй чи өөртөө цаг гарга, хумсаа будуул гэж хэлж чаддаг байгаасай гэж хүсэж байна.Хэрэв гэр бүлийн чанарыг тодорхойлохоор бол түүнээс гарч ирж байгаа хүүхдийг нь харна. Ямар хүн бий болгож, нийгэмд хүлээлгэн өгч байна гэдэг үнэхээр чухал. Тиймээс энэ ажлаа “Би өнөөдөр мөнгө олж чадахгүй байна”, “Бусадтай адил карьертай байж чадсангүй” гэдэг зүйлтэй битгий харьцуулаарай. Өөрийнхөө хийж байгаа ажлыг битгий багаар үнэлээрэй гэж ээж нартаа онцгойлон хэлмээр байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button