Uncategorized

Хүүхдийн ₮100,000, ус, цахилгаан, дулааны хөнгөлөлтийг 2022 он дуустал сунгахыг та дэмжих үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад нээлттэй ил тод бодлого явуулахаа зарласан.  Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго нар багтжээ.  Мөн хуралдаанд  2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тухай хууль, дагалдах хуулийн төслүүдийн танилцуулга хийсэн байна. 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-2022 онд эдийн засаг сэргэлт үргэлжилнэ гэх төсөөлөл байна. Ирэх оны төсөв Covid-19 халдварын  дараах үеийн эдийн засгийн сорилттой холбоотой. Өдөр тутам тодорхойгүй асуудал дагуулж байна. Эдийн засгийн уналт энэ оны сүүлийн хагаст ирж, 2022 онд эдийн засгийн сэргэлт ирнэ гэсэн төсөөллөөр төсвөө хийлээ. Төсвийн шинэчлэл цаашид үргэлжилнэ. Хамгийн эхэнд эдийн засгаа сэргээх нь  чухал.

Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлыг багасгах, дэд бүтцийн салбаруудаар дамжуулж  бизнесийн салбарын хөгжлийг дэмжих хэлбэр рүү шилжинэ. Төсвийн урсгал зардал бүр төвийн үйлчилгээг санхүүжүүлнэ.  Өнгөрсөн дөрвөн жил утаатай тэмцсэн бол энэ дөрвөн жил түгжрэлтэй тэмцэнэ. Төсвийн байгууллагуудын бүтцийн өөрчлөлт үргэлжилнэ. Тухайлбал, энэ жил эрүүл мэндийн салбарт үр дүн, чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт рүү шилжсэн. Ирэх онд боловсрол, соёл урлаг, нийгмийн халамжийн салбарт дээрх жишгээр явна. 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна.  

Ирэх онд зэс, нүүрс, алтны үнэ өндөр айх тул экспортыг тултал хийх хүсэлтэй байгаа ч биднээс шалтгаалахгүйгээр экспорт саатах эрсдэл бий. Энэ онд 16 тонн нүүрс худалдах төлөвтэй байна. Төмрийн хүдэр, зэсийг төмөр замаар тээвэрлэх буй тул хэвийн үргэлжилж байна. Ирэх онд төсвийн алдагдал тав орчим хувь байна. 2023 онд гурван хувь болж буурна. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг өсгөхөд онцгой анхаарна.       

Хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үзүүлэхгүй. Хүүхдийн мөнгийг ирэх оны эхний зургаан сард энэ хэвээр нь үргэлжлүүлнэ.

Хүүхдийн мөнгийг бид ирээдүйн өв сангаар баталгаажуулна гэж тооцсон. Хөрвөх чадваруудыг гаргаж, халамжаас нь хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгөнийг шууд хэрэглээнд үрэх биш хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сангаар баталгаажуулвал 18 нас хүртэл нь 19-20 сая төгрөг болно. Энэ нь хуримтлалыг дэмжиж байгаа. Мэдээж эрүүл мэндийн салбарыг нэгдүгээрт тавьж байгаа. Ирэх жил төрийн байгууллагуудын байшин барилга, машинд зардал тавихгүй. Өнөөдөр Засгийн газарт төсвийн танилцуулга хийсэн. Аравдугаар сарын 1-нд Засгийн газар төсвийг эцэслээд УИХ-д өргөн барина. Улмаар арваннэгдүгээр сарын 15-нд эцсийн байдлаар УИХ дээр төсөв батлагдана.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 273 мянган хүн Covid-19 халдвар авсан байна. 20700 орыг дэлгэн тусламж үзүүлж, 40 мянган хүнийг гэрийн хяналтад эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. 1075 жирэмсэн эх, 3274 хүүхэд эмнэлэгт хэвтэн тусламж үйлчилээ авч байна. Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 2900 тохиолдолд батлагдаж, 2000 гаруй хүндэвтэр, маш хүнд оноштой 315 хүн байна. Вакцинжуулалт нэгдүгээр тун 69.1, хоёрдугаар тун 61 хувьтай байна. Гуравдугаар тунд зорилтот бүлгийн 14 орчим хувийг хамрууллаа.

Зургадугаар сарын давлагааны үеэр эмнэлэгт 14 мянга, гэрээр 30 мянга орчим иргэн эмчлүүлж байсан бол энэ удаа эмнэлэгт 20 мянган ор дэлгэсэн. Эрэмбэлэлтийг хийхээр эрүүл мэндийн салбар дээд цэгтээ тултал ажиллаж байна. Анхан шатны эмнэлгийн байгууллагууд эрэмбэлэлтийг маш сайн хийж байгаа. Гэсэн хэдий ч бухимдалтай иргэд эмнэлэгт хандах хүсэл нь давамгайлж, эмнэлгийн ор дүүрч байна. Хүнд оноштой иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг яаралтай эмнэлэгт хэвтүүлэх чиглэл өгсөн. Covid-19 халдвараар өвчилсөн нь батлагдсан бол нэг өвчтөний эмчилгээнд 160 мянган төгрөгөөр баталсан. Долдугаар сараас энэ тариф мөрдөгдөж эхэлсэн. Шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг дээрээ очиж түргэвчилсэн шинжилгээ өгнө. Шинжилгээний хариунаас гадна хэд, хэдэн шинж тэмдгээр халдвар авсныг оношилно.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

  • Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт- судалгааны үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх
  • Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх
  • Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах
  • Дээрх гурван аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, ХААИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтран боловсруулж хэрэгжүүлэх,
  • Орон нутаг дахь их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх, цахим сургалтыг дэмжих хүрээнд орон нутгийн их сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр хангах асуудлыг Сангийн яамтай хамтран шийдвэрлэх
  • Орон нутагт суралцах оюутнуудад зориулсан сургалтын зээл, хөнгөлөлт, тэтгэлгийн хөтөлбөрийг их сургууль, орон нутгийн захиргаатай хамтран боловсруулж хэрэгжүүлэх
  • Багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, оюутнуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх
  • Багш нарын орон сууц, оюутны байр шинээр барих, хичээлийн болон дотуур байрны урсгал засварын хөрөнгө оруулалтын асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
  • Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулав
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт хилийн боомтын өнөөгийн нөхцөл байдал, шинээр байгуулж буй Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцууллаа.

Терминалыг ашиглалтад оруулах ажлын хүрээнд нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийн шаардлагатай бэлтгэлийг хангуулах, худалдан авагч аж ахуйн нэгжүүдтэйгээ нүүрс тээврийн төлөвлөгөөг өдөр бүрээр нарийвчлан гаргаж, гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх зэрэг ажлыг энэ сарын 23-ны дотор багтаан хийж гүйцэтгэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгалаа. Терминал байгуулах ажлыг энэ оны долдугаар сарын 6-наас эхлүүлсэн юм.Чингэлэг тээврийн терминал нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд найман сая тонн нүүрс экспортолж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button