Uncategorized

Танилц Монголын хамгийн баян 10 эмэгтэй

ТОП компаниудын хөрөнгийн үнэлгээ, ашиг орлогын хэмжээ болон зарим улс төрчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг болон бусад эх сурвалжуудад үндэслэн энэхүү мэдээллийг бэлтгэв.

Дамбын Хулан

Монгол Aлт Kорпораци (МАК)-ийн 40%-ийг эзэмшдэг. МАК нь хөрөнгийн үнэлгээгээрээ Эрдэнэс Таван Толгой, Эрдэнэс Силвер Рисурс, Эрдэнэт үйлдвэр зэрэг төрийн өмчит компаниудын дараагаар буюу 5-рт эрэмбэлэгддэг, дотоодын хөрөнгө оруулалттай Монголын хамгийн том компани юм.

Хүү Н.Номтойбаярыгаа хоригдож байхад, олон нийтэд хандан мэдэгдэл хийж, сонгуулийн ажилд идэвхийлэн оролцож олны өмнө ил гарсан хадагтай Д.Хулан өдгөө ч жиргээнд (twitter) идэвхтэй мэдээлэл хуваалцдаг билээ.

Эх сурвалж: Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын дэлгэрэнгүй тайлан

Дашдаваагийн Хулан

Хаан банкны хувьцааны 14.69%-ийг шууд, мөн Таванбогд трэйд компаниар дамжуулан 25.31% -ийг тус тус эзэмшдэг. Таван богд трэйд компани нь Таван богд группын толгой компани бөгөөд Д.Хулан нь тус компанийн 20%-ийг эзэмшдэг.

Люксембург улсын өргөмжит консул, Таванбогд группын тэргүүн дэд ерөнхийлөгч хадагтай Д.Хулан нь Куба улсад Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч Г.Дашдаваагийн охин юм.

Эх сурвалж: Хаан банкны албан ёсны вебсайт, Говь ХК-ийн 2019 оны тайлан материал

Дамдинсүрэнгийн Энхцэцэг

ЭмСиЭс (MCS) группын 7.2%-ийг эзэмшдэг бөгөөд тус группын 3-рт орох томоохон хувь эзэмшигч юм. Д.Энхцэцэгийн хувьцааны үнэлгээг тус компаний хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хувьцааны үнэлгээгээр хувилан тооцвол 640 тэрбум төгрөг болно.

Хадагтай Д.Энхцэцэгийн нөхөр Б.Болдсайхан эмчийг Монголчууд бүгдээрээ мэдэх билээ.

Эх сурвалж: ЭмСиЭс группын албан ёсны вебсайтад нээлттэй байсан мэдээлэл

Нармандахын Мөнхнасан

Монполимет групп, Монцемент Билдинг Материалс компаниудийн хувь эзэмшигч. Түүний ээж УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав 2019 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувьцааны үнэлгээгээ 332 тэрбум төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Монполимет компанийн хувьцааны 25%-ийг Ц.Гарамжав, 51%-ийг Н.Мөнхнасан эзэмшдэг.

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хөрөнгө орлогын мэдүүлэг, Монполимет группын зээлийн мэдээлэлтэй холбоотойгоор Хөгжлийн банкны албан мэдээлэлд гарч байсан хөрөнгө оруулагчдын хувь эзэмшлийн мэдээлэл

Бадамдоржийн Пунсалмаа

2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвших үедээ гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2019 оны жилийн орлогоо 85 тэрбум гэж мэдүүлсэн байна. М-Ойл группыг нөхөр Р.Батбаярын хамт 100% эзэмшдэг.

Эх сурвалж: УИХ-д нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг

Паламсүрэнгийн Төмөрцэцэг

Хуучнаар Эко Алтан Заамар буюу Бүрдэл майнинг компанийг 100% эзэмшдэг. Алтайн хүдэр компанийг 100 эзэмшдэг байсан Р.Базарын авга эгч П.Төмөрцэцэг нь хэвлэл мэдээлэлд нэлээн хаалттай нэгэн бололтой. Бүрдэл майнинг буюу хуучнаар Эко Алтан Заамар ХХК нь 2020 оны топ компаниудын жагсаалтад борлуулалтын орлогоороо 27, хөрөнгийн хэмжээгээрээ 91-р байрт тус тус эрэмбэлэгджээ.

Эх сурвалж: www.opendata.burtgel.gov.mn болон ТОП 100 компанийн мэдээллийн задаргаа

Даш-Өлзийн Бадамцэцэг

ЭмСиЭс группын хувь эзэмшигч. Түүний нөхөр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувьцааныхаа үнэлгээг 261 тэрбум төгрөг гэж мэдүүлсэн байдаг.

Хадагтай Д.Бадамцэцэг Вашингтоны их сургуулийг дүүргэж, Колумбын их сургуульд мастер хамгаалсан.

Эх сурвалж: ЭмСиЭс группын албан ёсны вебсайт, УИХ-ын гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлэг

Данзандаржаагийн Туяа

Петровис группын 33.3%-ийг эзэмшдэг. Д.Туяа нь УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Петровис группын харъяа НИК компани нь 2020 оны байдлаар борлуулалтын орлогоор 5-рт, хөрөнгийн хэмжээгээр 47-рт, Петростар ХХК нь хөрөнгийн үнэлгээгээр 57-рт тус тус эрэмбэлэгджээ.

Эх сурвалж: Энержи ресурс компанийн хөрөнгө оруулагчдын мэдээлэл, Хонконгийн хөрөнгийн биржийн материал.

Дамдинсүрэнгийн Өнөрболор

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 18.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 7.5 тэрбумын хадгаламжтай. Сөүл, Зэндмэнь хурх, Энокси, Сөүл виндөү зэрэг компаниудыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг.

Эх сурвалж: УИХ-ын гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлэг

Зоригтбаатарын Номуундарь

Гадаадын хөрөнгө оруулалттай Адамас Майнинг болон Адамас Маунтайн компаниудын хувьцааны 49%-ийг эзэмшдэг. Хөрөнгө орлогын холбогдолтой нээлттэй мэдээлэл байхгүй ч, компаниудынх нь эзэмшдэг уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийнх тоо энэхүү жагсаалтад багтах боломжтой болгож байна.

Эх сурвалж: Ашигт малтмалын мэдээллийн сан, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлан

Чөлөөт уран бүтээлч (ЧУБ) миний бие нээлттэй эх сурвалжуудыг ашиглан дээрх мэдээллийг бэлтгэлээ. Түүнчлэн энэхүү мэдээлэлд цаг хугацааны хувьд тодорхой хэмжээгээр хуучирсан тоо баримт орсон байх боломжтой юм.

Мөн дээрх 10 хатагтайг ямар нэгэн байдлаар эрэмблээгүй бөгөөд санамсаргүй тохиолдлоор дээрх дараалал үүссэнийг хэлэх нь зүйтэй болов уу.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button